“Америкт сурч амьдрах боломжууд”

ном яагаад бичигдэх болсон бэ?

Олон найз нөхөд маань тэтгэлэггүйгээр Америкт суралцаж, сургуулиа төгсч байгааг хараад надад ч гэсэн ийм боломж байгааг мэдэж, эрдэм сурахаар сэтгэл шулуудан Америк орныг зорьсон цаг саяхан санагдана. Америкт ирснийхээ дараа мэдээлэл дутмагаасаа болж цаг хугацаа, санхүү мөнгөө алдах үеүд цөөнгүй байв.  Тэр бүрт, бид чаддаггүйдээ бус хангалттай мэдээлэлгүй, мэддэггүйгээсээ аливаа зүйл дээр алдаж байдгийг ухаарсан юм. Анхнаасаа үнэн бодитой, баталгаатай мэдээлэлтэй байх нь бидэнд дараа дараагийн зорилгоо тодорхойлон, алхам бүрээ амжилттай хэрэгжүүлэхэд маш чухал билээ. Тэгвэл танд хүргэж буй энэ ном минь Америкт суралцахад юунд анхаарах, сургалтын төлбөрөө хэрхэн олох, олон үндэстэн суурьшсан энэ оронд амьдрахад юу юуг мэдвэл зохилтойг өгүүлэх болно. 

Хэрвээ та болон таны үр хүүхдүүд хэзээ нэгэн цагт гадаадад, тэр тусмаа АНУ-д сурч, амьдрахыг зорьж байгаа бол энэ ном танд туслах гарын авлага байж чадна гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй ч хүссэн хариугаа аваагүйгээс “Гадаадад сурна гэдэг бүтэшгүй зүйл юм байна” гэж бодож суугаа залуусыг хүсэл мөрөөдлөө орхиж, зорилгоосоо бүү ухраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тэтгэлэг авах тийм хялбар зүйл биш ээ. Гэхдээ хүсээд зоривол тэтгэлэггүй ч сурч болдогийг бүү мартаарай. 

Ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө төлбөрөө төлөөд,  Америкийн их дээд сургуульд тэтгэлэггүйгээр сурч, сургуулиа төгсч чадсан олон олон хүний нэг нь би юм. Миний чадсан юмыг та ч гэсэн чадна. Танд  зөвхөн, үнэн бодит мэдээлэл, сайтар боловсруулсан төлөвлөгөө л хэрэгтэй. 

Энэхүү ном нь таныг Америкт суралцах, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тань тусална гэдэгт итгэж байна. 

Танд амжилт хүсэн, хүндэтгэсэн:

Т.Гантуяа  Вашингтон ДС хот, АНУ

Америкт сурч амьдрах боломжууд номыг Интерном, Мир ном, Аз хур номын дэлгүүрүүдээс авч болно. Хүргэлтийн утас: 80063395

Skip to toolbar