АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын хаврын өнгө төрхийг өнгө өнгөөр алаглан цэцэглэж буй Сакура цэцэгсийн модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил бүрийн хаврын улиралд үзэсгэлэнт Сакура цэцэглэхийг үзэхээр Дэлхийн болон Америк орны өнцөг булан бүрээс 1.5 сая гаруй гадна дотны жуулчид ирдэг тоо баримт бий. Хаа хол алс Япон улсад ургадаг Сакура цэцэгс яагаад Америк оронд уригдан заларч, ургаж, олон хүний нүдийг баясгах болсон юм бол? гэсэн бодол маань намайг түүхийн хуудас сөхөхөд хүргэв.
Eliza Ruhamah Scidmore гэгч гайхалтай эмэгтэй бол АНУ-ын алдарт зохиолч, гэрэл зурагчин, газарзүйч байсан бөгөөд Япон Америкийн хооронд олон удаа аялж байхдаа Сакура цэцэгсийн моддыг Америкийн нийслэлд тарих анхны санааг 1885 онд олж, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулж байжээ. Тэрээр Азийн улс орнуудын талаар хэд хэдэн ном бүтээл бичсэн ажээ. Энэ санаа нь олон жилийн бартаа, саад бэрхшээлийг давсаар сая нэг биеллээ олж 27 жилийн дараа буюу 1912 онд Япон-Америкийн эв найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Токио хотоос АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод 3,000 ширхэг Сакура цэцэгсийн моддыг бэлэглэж байсан түүхтэй.
1912 оны мод тарих ажлын нээлт Вашингтон ДС хотод эхэлж, Япон улсын Токио хотын тухайн үеийн хотын дарга Юкио Озаки 12 төрлийн Сакура цэцэгсийн моддыг танилцуулсанаар, 3,000 ширхэг моддыг тарьжээ. Үүнээс хойш 2012 он буюу 100 жилийн дараа Сакура цэцэгсийн үндэсний баяр наадмын арга хэмжээг Япон Америкийн хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал гэж онцлон, ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна.
Сакура цэцэглэх гайхамшигт үеийг гадна, дотны олон жуулчдад сонирхуулах эрэлт шаардлагын эрхээр 1994 оноос хойш 14 хоног үргэлжлэх албан ёсны үндэсний их баяр наадмын арга хэмжээ болгон зохиогдох болжээ. Үүнийг National Cherry Blossom Festival гэж нэрлэдэг. Гэвч яг хэзээ арга хэмжээ болох товыг гаргах нь цаг уурын нөхцөл байдлаас хамаарах амаргүй ажил байдаг гэнэ. Учир нь Сакура цэцэгс нь хүчтэй салхи, аадар бороо зэрэгт маш хурдан цэцэгсээ гөвж орхидог тул яг хэзээ баяр наадмын арга хэмжээ болохыг тааварлахад бэрх. Гол төлөв жил бүрийн 3 сарын сүүлээр 4 сарын эхээр Сакура цэцэгс сайхан дэлгэрч, байгалийн өнгө үзэмжээрээ Вашингтон ДС Хотыг чимэглэдэг. Энэхүү гайхалтай Фестивалийг жил бүр цаг гарган үзэж, үзэсгэлэнт цэцэгсийг дурандаа буулгасан байгааг гэрэл зургаар нь сонирхож, оюуны алжаалаа тайлаарай.
Дараагийн нийтлэл хүртэл түр баяртай.