Blog

АНУ-д суралцаж байгаа олон улсын оюутнуудын албан ёсоор ажил хийх боломжууд

Олон орны оюутнууд АНУ-д суралцаж байх хугацаандаа өөрийн мэргэжлийн дагуу ажил хийж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх боломжтой байдаг.  Оюутан байхдаа мэргэжлийн дагуу ажил хийх нь таны санхүүгийн байдалд тустай байхаас гадна таны ажлын түүх, намтарт сайнаар бичигдэх тул сургуулиа төгсөөд эх орондоо болон бусад улс оронд ажлын өргөдөл гаргахад бусад өрсөлдөгчдөөсөө давуу талыг олгоно. Гэхдээ үүний тулд олон улсын оюутнуудад дагаж мөрдөж ёстой дүрэм журам гэж бий.

АНУ-д суралцах олон улсын оюутнууд ажил хийх дараах боломжууд байдаг.

1. Суралцаж буй сургуулийнхаа хотхонд ажиллах

2. C.P.T-Curricular Practical Training

3. O.P.T-Optional Practical Training

4. Severe Economic Hardship

5. International Organization Employment

1. Суралцаж буй сургуулийнхаа хотхонд ажиллах

Олон улсын оюутнууд суралцаж буй сургуулийнхаа хотхонд 7 хоногт 20-40 цагийн ажил хийх эрхтэй. Хичээлдээ явж байх үедээ зайлшгүй 20 цаг ажиллах ёстой байдаг. Харин зуны амралт, баяр ёслолын амралтын үеэр 20-оос дээш цаг ажиллах боломжтой. Олон орны оюутнууд сургуулийнхаа хотхонд ажиллах хүсэлтэй байх тул их өрсөлдөөнтэй байдгийг санах хэрэгтэй. Сургуулийн хотхонд ажиллахад таны суралцаж буй мэргэжлээр ажиллуулахгүй бөгөөд сургуулийн зүгээс танд санхүүгийн дэмжлэг үзүүлж, танаас гарч буй зардлыг санхүүжүүлэхэд нэмэр болох зорилготой юм. 1 цагийн хөлс ихэнхидэ тухайн сурч амьдран буй мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй ихэнхидээ тэнцүү байдаг.

Сургуулийн хотхонд ажиллах АНУ-ын Цагаачлалын албанд өргөдөл гаргах шаардлагагүй.  Сургуулийн хотхоноос гарч өөр албан байгууллагат ажиллахаар бол зайлшгүй АНУ-ын цагаачлалын албанд өргөдөл гаргах шаардлагатай байдаг.

2. C.P.T-Curricular Practical Training- Сургалтын хөтөлбөрийн дагуу туршлага судлах  

– C.P.T дадлага хийж, мэргэжил туршлага нэмэгдүүлэхийн тулд олон улсын оюутнууд хамгийн багадаа 1 жилийн хөтөлбөр буюу 3 улиралын хичээлээ дуусгасан байх шаардлагатай.

–  Сургуулийн хотхонд бус мэргэжлийн дагуу ажиллах байгууллагат ажиллах эрхтэй бөгөөд ажил олгогчоос санал болгосон ажлын талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргийг сурч буй сургуульд өгөх хэрэгтэй. Оюутнууд өөрсдөө ажиллах байгууллага, компаниудаа хайж олдог.

–  Ажиллах цаг 7 хоногт 20 болон түүнээс бага цаг ажиллах бол хагас цагийн ажил (part time), 7 хоногт 40 цаг ажиллах бол бүтэн цагийн ажил (full time) гэж ойлгоно.

3. O.P.T-Optional Practical Training- Мэргэжил сонголтын дагуу туршлага судлах

–  2 төрлийн OPT байдаг.

·       Pre-completion OPT: Сургуульдаа суралцаж байхдаа хийх OPT.

7 хоногт хагас цагаар ажиллах буюу хамгийн дээд тал нь 20 цаг ажиллах ёстой.

·       Post-completion OPT: Сургуулиа төгссөний дараа хийх OPТ.

7 хоногт хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой буюу хамгийн дээд тал нь 20-40 цаг ажиллах эрхтэй.

Аль ч дадлагын төрлийг цалинтай болон цалингүй хийж болно.  

Хэрвээ C.P.T-г бүтэн цагаар эсвэл 12 сар хийсэн бол сургуулиа төгсөөд O.P.T хийх боломжгүй. Дадлага хийхдээ заавал мэргэжлийн дагуу байгууллага, компаниудад хийх ёстой.

4. Severe Economic Hardship-Эдийн засгийн хүнд гарз хохирол тохиолдсон үед хийх ажил

Олон улсын оюутнууд өөрсдөөс шалтгаалалгүй сургалтын төлбөрөө төлөх боломжгүй болсон бол түүнийгээ нотлох бичиг баримтуудыг сургуулийнхаа олон улсын оюутны албанд болон АНУ-ын Цагаачлалын албанд гаргаж өгсөнөөр 7 хоногт хагас болон бүтэн цагаар ажиллах эрхийг авдаг. Сургуулийн хотхоноос бусад ямар ч газар ямар ч ажлыг хийж болно. Заавал мэргэжлийн дагуу ажиллахыг шаарддаггүйгээрээ давуу талтай.

Ямар нөхцөлийг оюутанд эдийн засгийн хүнд гарз хохирол тохиолдсон гэж үзэх вэ?

– Сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн тусламж, тэтгэлэг болон сургуулийн хотхонд ажиллаж байсан ажлаа хэн нэгний буруутай үйлдлээс болж алдах

-Сургалтын төлбөрийг төлж байсан батлан даагч нас барах, төлбөрийг нь цаашид төлөх боломжгүй болох

-Байгалийн гамшиг, газар хөдлөлт зэргээс хамаарч сургалтын төлбөрийг төлж байсан эцэг эх, ах эгч төлбөрийн чадамжгүй болох

-Бусад гэнэтийн хүчин зүйлээс болж сургалтын төлбөрийн дэмжлэг үгүй болох

-Сургалтын төлбөр эсвэл амьдралын өртөг эрс нэмэгдэх

-Валютын ханшны огцом өсөлтөөс шалтгаалж сургалтын төлбөр төлөхөд хүндрэлтэй болох

-Өвдөж, гэмтсэнээс шалтгаан эмнэлгийн өндөр төлбөрийг төлөх шаардлагатай болсон эсвэл гэнэтийн ямар нэгэн том зардал гарч ирж сургалтын төлбөр төлөхөд хүндрэл учруулсан

гэх мэт …олон хүчин зүйлүүд байж болох ба хамгийн гол нь нотлох бичиг баримтууд хангалттай байх хэрэгтэй. Ийм нөхцөл байдал үүсвэл ажиллах хүсэлтээ АНУ-ын Цагаачлалын албанд илгээснээс хойш 12 долоо хоног болон түүнээс дээш хугацаа шаардагдах тул цаг алдалгүй сургуулийнхаа олон улсын оюутан хариуцсан захиргаанд хандах хэрэгтэй байдаг.

5. International Organization Employment-Олон улсын байгууллагад ажиллах

Олон улсын оюутнууд өөр нэгэн ажиллах боломж нь Олон улсын байгууллагад дадлага хийж, туршлага судлах байдаг. Олон улсын байгууллагууд гэдэгт АНУ-ын Төрийн Департментийн жагсаалтанд багтсан байгууллагууд ордог. Тухайлбал: Улаан загалмайн нийгэмлэг, Ази Африкийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт… үүнтэй ижил төстэй байгууллагуудыг ойлгож болно. Эдгээр байгууллагуудаас ажиллах санал хүлээж авсан оюутанд маш том боломжууд нээгдэж, санхүүгийн дэмжлэг авах таатай нөхцөлд ажилладаг.

Эдгээр байгууллагад ажиллах оюутнууд сайн дүнтэй, хамгийн багадаа 1 жилийн академик хөтөлбөртөө хамрагдсан, ажиллах саналаа хүлээж авсан байх шаардлагатай.

Энэхүү ажиллах эрхээ авахын тулд АНУ-ын Цагаачлалын албанд ажиллах хүсэлтээ илгээх бөгөөд хүсэлт илгээснээc хойш 12 долоо хоног болон түүнээс дээш хугацаа шаардагдах тул цаг алдалгүй сургуулийнхаа олон улсын оюутан хариуцсан захиргаанд хандаж хэрэгтэй бичиг баримтуудын  зөвлөгөөг авч, цаг алдалгүй бүрдүүлэн илгээгээрэй.


“Америкт сурч амьдрах боломжууд” номноос

Skip to toolbar