Гадаадад магистрт сурахад хэрэгжүүлэх 10 зөвлөмж

Дээд боловсролын эхний зэрэг болох бакалаврын зэргээ авч чадсан залуусын дараагийн зорилго бол гадаадын аль нэг улс оронд магистрт тэтгэлэгтэйгээр сурах байдаг. 

Гадаадад магистрт сурахад хувь хүнээс олон ур чадварууд болон тэсвэр тэвчээр, шантралгүй, тууштай байдлыг ихээхэн шаарддагийг АНУ-д магистрт суралцаж байхдаа мэдэж авч билээ. 

Хэрвээ та гадаадад магистрт суралцах хүсэлтэй бол дараах зүйлсүүдийг анхаарах нь чухал юм.

  1. Зорилгодоо үнэнч байх

Нэгэнт сурахаар зорьсон бол зорилгоосоо ухарч няцаж, эргэлзэх хэрэггүй. Сурч эхлэхээс өмнө болон сурч байх хугацаанд олон саад бэрхшээлүүд тулгарах болно, түүнийг давж гарч чадна гэсэн сэтгэлзүйн бэлтгэл хийгээд сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. 

2. Төлөвлөгөөтэй байх

Хэзээ, хаана, аль улсад магистрын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа төлөвлөгөөгөө гаргаж тэтгэлэгтэй болон тэтгэлэггүй суралцах бүхий л боломжийг судлаж хэзээ гэхэд гадаадад суралцах цаг хугацаагаа бичиж тэмдэглэж, түүний дагуу өдөр тутам зорилгодоо хүрэх алхамуудыг хийгээрэй. Зорилгодоо төвлөрөхөд танд өөрийн гэсэн зорилгын дэвтэр тус болох болно. 

3. Эрүүл мэндээ анхаарах

“Эрүүл биед саруул ухаан оршино.” гэдэг үнэн хийгээд сайхан үг бий. Эрдэм ном сурахаар зорьж буй хүн бүр эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй юм. Хүний нутагт очсон хэн ч байсан “өвдөх эрхгүй” гэдэг үгийг олон удаа сонссон байхаа. Иймээс өөрийн эрүүл мэндийг та өөрөө ганцхан хариуцна гэдгийг санаарай. 

4. Нийтэч байх

Гадаадад сурахаар зорьж буй хүн бүхэн хүмүүстэй сайхан мэндэлдэг, ярилцдаг байх хэрэгтэй юм. Мөн суралцахаар очих орныхоо нийгэм соёлтой урьдчилан танилцан бусдад өөрийгөө илэрхийлэх гадаад хэл дээрх харилцааны чадваруудыг эзэмшиж бусадтай нийцтэй байх шаардлага зайлшгүй тулгардаг. 

5. Мэргэжлээрээ ажилласан байх

Магистрын тэтгэлэгт хөтөлбөр бүр ажлын туршлагыг шаарддаг тул бакалаврын зэргээ хамгаалсны дараа ажил хийж, ажлын туршлагатай болох шаардлагатай байдаг. Хэдийгээр төлбөрөө өөрөө төлөөд сурах болсон ч ажлын туршлагатай бол хичээлээ ойлгоход дөхөмтэй байдаг. 

6. Санхүүгээ бэлдэх

Тэтгэлэгтэй сурах болсон ч гэсэн гадаад орныг зорих хүн бүрт тодорхой хэмжээний санхүүгийн бэлтгэл хэрэгтэй болох тул өөрийн хуримтлалыг хийж эхлээрэй. Хэрвээ та тэтгэлэггүйгээр өөрөө төлбөрөө хэрхэн олж сурах талаар мэдэхийг хүсвэл “Америкт сурч амьдрах боломжууд” ном танд хэрэг болох болно. 

7. Илтгэх чадвартай байх

Магистрын хичээлийг судалж байхад олон төрлийн хичээл бүрт илтгэл тавих шаардлагууд гардаг тул суралцах гэж буй гадаад орны хэлээ сайтар эзэмшиж олны өмнө илтгэл тавих дадлагыг байнга хийж хэвшээрэй. Мөн өөрийн орны талаарх олон төрлийн сэдвүүдийг урьдчилан бэлдэж, урлаг, соёл нийгэм, түүхийн талаар илтгэл тавьж сураарай.

8. Цагийн менежменттэй байх

Гадаадад цаг бол бүхнээс чухал зүйл байдаг. Хичээл таслах, хичээлээс хоцрох, гэрийн даалгавраа цаг тухайд нь хийхгүй байх, дараагийн улирлын хичээлдээ цаг хугацаандаа бүртгүүлэхгүй байх зэрэг нь байж боломгүй алдаанууд байдаг. Үүний шийтгэл хохиролыг мөнгөөр төлнө эсвэл сургуулиа орхих шаардлагаар төлөх болдог шүү. Хэрхэн цагийн менежменттэй байх талаар “Өөрийн цагийг үр бүтээлтэй зохицуулах арга” нийтлэлээс уншаарай. 

9. Судлах дүгнэх чадвар

Сурах орон болон сургуулиа сонгохоос эхлээд зөв мэдлэг мэдээллүүдийг албан ёсны эх сурвалжаас судлах, туршлагатай хүмүүсээс туршлага судлах, мөн сурч байх хугацаандаа бие даан хийх даалгавар зэрэгт мэдээлэл мэдлэгийг олж авч, үүнд тулгуурлан зөв дүн шинжилгээ хийх чадвар их чухал байдаг шүү. 

10. Мэргэжил сонголт

Хэдийгээр та бакалаврын чиглэлээр өөр нэг мэргэжлээр төгссөн ч гэсэн магистрт мэргэжлээ солиод сурах боломж бий. Тухайлбал та багш мэргэжилтэй бол магистрын зэргээ бизнесийн чиглэлээр хамгаалж болно гэсэн үг юм. Үүний тулд суурь цөөн хичээлийг судлаад үндсэн магистрын ангидаа суралцах боломжтой байдаг. 

Эдгээр зөвлөмжүүдийг уншиж дууссан цагаасаа эхлэн өөрийн дотор байгаа бодол мөрөөдлөө цаасан дээр буулгаж, зорилгодоо хүрэх эхний алхамуудаа зорилгын дэвтэртээ бичиж тэмдэглэн, зорьсондоо хүрч, ирээдүйд эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийг өвөртлөн, хүмүүс нийгмийн төлөө сайн сайхан зүйлсийг хийж, бүтээсэн утга учиртай амьдралаар амьдрах таны аялалын зам өлзийтэй байх болтугай. 

“Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрийн танилцуулга

Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа 

Youtube: MonUsa 

Facebook: MonUsa

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MonUsa

Хуулбарлахыг хориглоно.

Skip to toolbar