Хүүхдүүдээ компьютер дээр 10 хуруугаар нь бичүүлж сургая!

Хэрвээ та хүүхдүүдээ ирээдүйд АНУ-д оюутан болгох хүсэлтэй бол миний бэлтгэн хүргэх цуврал блогийг уншиж, видеонуудыг үзээрэй. Энэ удаа бага болон дунд сургуулийн хүүхдүүд Америкт ямар ямар ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй байдаг талаарх  нэгэн ур чадварыг хүргэж байна. Монголд байгаа хүүхдүүдийг ирээдүйд Америкт сурахад бусад орны хүүхдүүдээс дутахааргүй чадвартай байгаасай гэж хүсч байгаа учраас үүнийг би хийж байгаа юм. 

АНУ-д сурагчид бага, дунд, ахлах сургуульд нас насаараа хуваагдаж сурах бөгөөд бага анги нь 1-5 дугаар ангийн сурагчид байдаг. Бага сургуулиа төгсөхдөө сурагчид хэд хэдэн чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй ба үүний нэг нь компьютер дээр зөв алдаагүй бичиж, шивж сурах чадвар юм. Америкт хүүхдүүд гэрийн даалгавруудаа компьютерийн програм дээр хийдэг. Дэвтэр бал бараг ашигладдаггүй.

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа үед бидний өдөр тутмын амьдралыг компьютер гар утасгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Ялангуяа бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань биднээс илүү эдгээрийг амьдралдаа хэрэглэх нь нэгэнт ойлгомжтой болсон. Иймээс ч АНУ-д сурагчдад бага ангиас нь эхлэн компьютер техниктэй хэрхэн ажиллахыг зааж сургаж байна. 

Хэрвээ ирээдүйд та хүүхдүүдээ Дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж алхаж явахыг харах хүсэлтэй бол үүнд өнөөдрөөс эхлэн бэлдээрэй. Миний өгөх эхний зөвлөгөө бол хүүхдүүдээ компьютерийн гарыг ашиглан 10 хуруугаараа алдаагүй зөв англи болон монгол хэлээр бичүүлж сургах юм. 

Тэгвэл юунаас эхлэх хэрэгтэй вэ?

  1. Хүүхдүүдээ компьютерийн ард зөв цэх суулгаж сургах хэрэгтэй. Зөв сууж сурах нь эрүүл мэндэд тустайгаас гадна хурдан бичиж сурахад нь тусална. 

2.  Хүүхдүүдээ компьютерийн гартай танилцуулж ямар ямар үсэг хаана хаана байрлаж байгааг хэлж өгөөрэй. Ингээд баруун болон зүүн гарын аль аль хуруунууд ямар үсгийг удирдахыг зааж өгнө. 

3. Юм бичүүлж байхдаа компьютерийн гар руу харуулахгүй байх хэрэгтэй бөгөөд зөвхөн компьютерийн дэлгэцийг харж бичүүлээрэй.

4. Компьютерт юм бичиж сургах сургалтын үнэтэй болон үнэгүй олон программууд байдаг ба та аль тохирохыг нь өөрөө сонгоод авч болох юм.  Та Google-ээс “how to type” гээд хайх юм бол англи үсгийн фондоор компьютерт юм бичиж сурахыг заасан маш олон вэбсайтын сонголтууд гарч ирнэ. Эдгээрээс хүүхэдтэйгээ хамт туршиж үзээд аль таалагдсанаа сонгоорой. 

5. За ингээд өдөр бүр 30 минут хүүхдүүдээ юм бичиж сургах дадлага хийлгээд байх юм бол тун удахгүй таны хүүхэд 10 хурууны бичээч болох нь ээ. 

Энэхүү чадварыг эзэмшсэнээр хүүхдүүд маань цаашид анги дэвшин суралцахад, оюутан болоход нь, ажил дээр гарахад нь гээд амьдралын бүхий л үед нь их хэрэг болох юм шүү. 

Энэ талаар видео бичлэг үзэхийг хүсвэл доорхи линк дээр дарж миний MON USA YouTube сувгаас хүлээн авч үзээрэй. Видео үзэх:https://youtu.be/wcdJ_1mBvMs

Skip to toolbar