Blog

Энергийн менежмент

Сүүлийн үед энергийн тухай ихээр яригдах болжээ. Энерги нь сөрөг болон эерэг гэсэн 2 хэсэгт хуваагдаж байна. Эерэг энерги гэдэг нь зорилгоо биелүүлэхэд туслах биеийн эрчим эрч хүчийг өөрөөсөө бий болгоход тусалдаг бол сөрөг энерги нь өөрийнхөө болон бусдын бүтээмжтэй байдлыг үгүй хийж, сэтгэл санаагаар унагаж айдаст автуулдаг.

Тэгвэл бүгдээрээ сэтгэл өөдрөг бүтээмжтэй байх эерэг энергийн тухай ярилцъя.

Хэдий цагийн менежмент нь биднийг үр бүтээлтэй, зорьсон зорилгоо биелүүлэхэд туслах боловч биднийг эрч хүчгүй ядарсан үед тэр бүр тус болох боломжгүй юм. Учир нь бидэнд хэдий цаг хугацаа байгаа хэдий ч  бүтээмжтэй байх эрч хүч шавхагдаж дуусдаг. Иймээс үүнийг байнга цэнэглэж байж бид амьдралынхаа зорилгыг биелүүлэх чадамжтай амьдарна гэсэн үг юм.

 Сэдэлжүүлэх идэвхитэй байх энергийг бид мөрөөдөл зорилго сэтгэл хангалуун байдлаас авдаг бол сэтгэл санааны энергийг итгэл найдвар, найз нөхөд, гэр бүл гээд биднийг хүрээлэн буй орчноосоо авч мөн түгээдэг. Туршлага мэдлэг боловсрол чадвар нь оюун ухааны энергийг өгдөг бол унтаж амрах, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг нь бидэнд эрүүл мэнд, биеийн эрчим хүчний энергийг бэлэглэдэг байна. 

  1. Сэдэлжүүлэх идэвхитэй байх энерги
  2. Сэтгэл санааны энерги
  3. Оюун ухааны энерги
  4. Биеийн эрчим хүчний энерги

Хэрвээ бид ядарч сульдан, бие тааруу байх юм бол эрүүл мэнд болон биеийн хүч чадал муудаж, энэхүү энергийг алдаж байна гэсэн үг юм. Эрүүл мэнд , биеийн эрчим хүчний энергийн түвшин доогуур байгаа үед, хангалтгүй байгаа үед сэтгэл санааны энерги болон оюун ухааны энергийг хангалттай түвшинд өөрөөсөө гаргаж чаддаггүй байх нь ээ. 

Иймээс биеийн эрчим хүчний энерги гэдэг бүх энергийн эх үүсвэрийн суурь болж өгдөг.
Тэгвэл энэхүү энергийн менежментийг хэрхэн хийх вэ?

  1. Бидний бие үргэлж хөдөлж байхаар заяагдсан учир ядарч байна гээд буйдан дээр хэвтэж зурагт үзэх нь тийм тохиромжтой арга биш юм. Үүний оронд агаар салхинд алхах, иога хийх, массаж хийлгэх, шүршүүрт орох, саунд суух зэрэг нь хүний биеийн энергийг сэргээх чухал аргууд юм. 
  2. Хүний бие 8 цаг тасралтгүй ажиллахаар бүтээгдээгүй юм. 1 цаг ажиллах тутамдаа 15 минутын завсарлага авах хэрэгтэй. Хэрвээ оюуны хөдөлмөр эрхэлдэг бол завсарлага авахдаа алхах хөдлөх, тархины үйл ажиллагаанд хэрэгтэй хоол хүнсийг идэж, шингэн зүйлсийг уугаарай. Хэрвээ та биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг бол чимээгүй цагийг өөртөө гаргаж хөгжим сонсох, бодож бясалгахад, өөрт хэрэгтэй ном унших зэрэгт амралтын цагаа зориулаарай. 
  3. Хангалттай унтах. Өдөржингөө цэнэглээгүй  утсыг цэнэглэж байх хэрэгтэй байдаг шиг унтах гэдэг нь биеийн үйл хөдлөлийг түр унтрааж цэнэглэж байгаа үйл явц юм. Хангалттай унтаж нойроо авснаар бид илүү их эрч хүчтэй бүтээлч байх болно. 
  4. Өөрийн биеийг шим тэжээлтэй хоол хүнсээр тэтгэх. Орчин цагт хүмүүс завгүй ажиллаж амьдарч байгаа тул бүхий л зүйлсийг хурдасган түргэн хоол жанк фууд мөн чихэрлэг газтай ундаануудаар хооллох болжээ. Хүний бие эдгээр зүйлсийг бус цэвэр байгалийн гаралтай самар, жимс, ногоо, үр тариа, мах зэргийг хэрэглэхээр бүтээгдсэн. Олон дахин боловсруулалтанд орсон хоол хүнсийг хүний бие шингээн боловсруулахын тулд маш их энергийг зарцуулах хэрэгтэй болдог тул өөрийн биеийн эрчим хүчийг алдагдуулах бус нэмэгдүүлэх хоол хүнсийг хэрэглээрэй. 
  5. Үнэхээр ядраад эрч хүчгүй бүтээмжгүй байвал өөртөө амрах цагийг өгч өөрийн энергийг цэнэглэх боломж , цаг хугацааг өөртөө заавал олгоорой. 

Эдгээр аргуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр та өөрийн энергийг сэргээж, сайн сайхан энергийг бусдадаа зориулж,  зорьсон зорилгоо биелүүлж илүү өндөр бүтээмжтэй байхад туслах болно гэдэгт итгэлтэй байна. Энерги сайтай хүн эд баялгийг бүтээх чадалтай бусдын амьдралд гэрэл гэгээг түгээх ид шидтэй байдаг. 

Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа

Youtube: MonUsa (Энэ сэдэвтэй холбоотой YouTube бичлэг үзэх)

Facebook: MonUsa

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MonUsa

Хуулбарлахыг хориглоно.

Skip to toolbar