Blog

Эцэг эхчүүдэд: Ахлах ангийн сурагчдын их сургуулийн сонголт

Ахлах ангиа төгсөн дараагийн шатны боловсролыг эзэмшинэ гэдэг өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл догдлуулсан үйл явдал. Ирээдүйн амьдралаа тодорхойлох чухал шийдвэрийг гаргах гэж байгаа хүүхдүүдэд энэ нь сэтгэлзүйн дарамт, стрессийг авчрах нь бий. Тухайлбал хэрвээ таны хүүхэд гадаадын их сургууль, коллежид суралцах хүсэлтэй бол доод тал нь 10 сургуулийг сонгож, өргөдлөө явуулах хэрэгтэй болно. Эдгээр сургуулиудыг хэрхэн сонгож суралцах талаар аав ээж хүүхэд хамтдаа ярилцаж, шийдвэрийг гаргах хэрэгтэй юм.

Иймээс мэргэжлийнхээ дагуу сургуулиа сонгоход аав ээжүүд хүүхдүүддээ хэрхэн туслах 8 алхамыг хуваалцаж байна.

1. Их сургуулийн 4 жилд гарах зардалууд болон тэтгэлэгийн хэмжээг тооцоолох

Гадаад болон дотоодын аль ч их сургуулийг сонгохын тулд эхлээд тухайн сургуульд сурах сургалтын төлбөр бусад зардалуудыг зайлшгүй тооцоолж сургуулиудыг харьцуулах нь чухал. Ялангуяа гадаадын их сургуулиудаас тэнцсэн захидал хүлээж авахад сургуульд сурахад гарах зардал, сургалтын төлбөр, тэтгэмж, тэтгэлэг зэргийг хавсаргасан байх тул сургуулиудын мэдээллүүдээ нэгтгэн харьцуулсны дараа сонголтоо хийх хэрэгтэй юм. Америкийн сургуулиудаас ирэх захидалд голдуу нэг жилийн сургалтын төлбөр болон бусад зардалуудыг тусгах тул сүүлийн 4 жилийн санхүүгийн үзүүлэлтийг харж ирэх 4 жилийн зардлаа тооцоолж харьцуулаарай.

2. Сургалтын төлбөрийг төлөх боломжийг нарийвчлан тодорхойлон ярилцаарай.

Хэдий таны хүүхэд өөрийн гэсэн орлогогүй байгаа ч ахлах сургуулиа төгсөн насанд хүрч байгаа тул хүүхэдтэйгээ санхүүгийн хариуцлага хүлээж чадах насанд хүрсэн бие хүн гэдэг үүднээс хандаж харилцаарай. Оюутны сургалтын төлбөр болон бусад зардлуудыг тооцоолсоны дараагаар энэхүү төлбөр мөнгийг хуримтлалаас хэдий хэмжээг, зээлээр хэдийг нь төлөхийг хүснэгтээр тооцоолон харуулж, ярилцаарай. Сургуулиа төгсөхөд үед хэдий хэмжээний оюутны зээлтэй төгсөж, түүнийгээ хэрхэн барагдуулах талаар зорилго төлөвлөгөөг анхнаас нь ярилцах хэрэгтэй.

3. Сургуулиудын сургалтын чанарыг харьцуулан сонголтоо хийх

Сургуулийн өргөдлөө явуулахаас өмнө сургуулиудын боловсролын чанарын талаарх судалгаануудад магадгүй их цаг зарцуулсан байж болох юм. Гэвч ахин сайн нарийвчлан сургуулиудын эрдэм шинжилгээний танхим, судалгаа шинжилгээ хийх боломж, багш нарын хүртээмж, анги танхимын байдал, хүссэн мэргэжлээ саадгүй эзэмших боломж зэргийг урьдчилан судлахыг бүү мартаарай.

4. Тухайн сургуульд суралцан төгсөөд, дараа нь ямар боломжууд байгааг харах

Сурахаар сонгосон сургууль нь таны хүүхэд сургуулиа төгссөний дараа өөрийн хүссэн ажил, мэргэжлээр ажиллан, өсөн дэвшихэд нь туслах боломжтой эсэхийг нь заавал судлах хэрэгтэй юм. Сурч байх хугацаандаа дадлага хийх боломжоор тухайн сургууль хэр хангаж байна,  төгсөгчид нь хаана хаана ямар ажил хийж, хэдий хэмжээний цалинтай  байна зэрэг мэдээллүүдийг зэрэгцүүлэн харж байж сургуулийн сонголтыг хийж болох юм.

5. Сургуулийн байршлын талаар ярилцах

Орчин үеийн өсвөр насныхан гадаадад сурахыг илүүд үзэх болсон. Тэгвэл гадаадад сурахад аль улс орон оюутнуудад илүү сайн боломжийг олгодог, тухайн улсын аль хот муж таны хүүхдэд тохирох зэргийг сайтар судлах нь чухал юм. Тухайлбал АНУ-д сурахаар боллоо гэхэд хөдөөний цөөн тооны оюутнуудтай сургуульд сурах, эсвэл хотын томоохон сургуульд сурах бүүр цаашилбал цаг агаар нь ямар байх зэргийг хүртэл ярилцаж, шийдэлд хүрээрэй.

6. Өөрт тохирох сургуулиа сонгох

Ирээдүйд ажил амьдралын хувьд амжилтанд хүрэхэд туслах сургуулиа сонгон суралцахад ахлах ангийн сурагчдын тестийн оноо, шалгалтын үр дүн зэрэг нь тухайн сургуулийн шалгуурт нийцэж байгаа эсэхийг тухайн орны сургуулийн хайлт хийх мэдээллийн систем мөн сургуулийн цахим хуудаснаас харж болно. Мөн сургуулийн соёл, оюутны хотхон, хичээлээс гадуурх арга хэмжээ, сургуулийн аюулгүй байдал зэрэг нь өсвөр насны хүүхдийн хүсэл сонирхолд нийцэж байгаа эсэхийг заавал харгалзаж үзэх хэрэгтэй юм шүү.

7. Сургуультай танилцах аялал хийх

Сонирхож буй сургуулиудтай танилцах аялалыг сургууль нь тантай ойрхон байрлаж байвал газар дээр нь очиж хийх, хол байвал интернетээр танилцан хийх боломжтой юм. Олон улсын сургуулиуд хаврын улиралд сургуулиа танилцуулах арга хэмжээнүүдийг жил бүр хийдэг тул энэ боломжийг ашиглан сургуулиудтай танилцан, дээр дурдсан асуултуудын хариултуудыг бичиж тэмдэглэж аваарай.

8. Хүүхдийнхээ сургуулийн сонголтонд хүндэтгэлтэй хандаарай.

Өсвөр насны хүүхдүүд насанд хүрч оюутны амьдралаа эхлэх сургуулийн сонголтын талаар аав ээжийн зүгээс өдөр бүр асууж, элсэлтийн явцын талаар үргэлж шалгаах нь тэднийг стресст оруулж, залхаах тул мэдээллүүдээ нэгтгэн дүгнэж, долоо хоногт нэг оройг сургуулийн талаар хэлэлцэн өнгөрүүлэх цаг гарган ярилцах хэрэгтэй юм. Ингэснээр хүүхдээс үргэлж сургуулийн талаар шалгаах шаардлагагүй болж, сургуулиудын давуу болон сул талуудыг анхаарлаа төвлөрүүлэн ярилцаж, бүгдээрээ хэлэлцэн, зөв сургуулиа сонгоход нь аав ээжийн зүгээс дэмжлэг үзүүлж чадах юм.

Эцэст хэлэхэд таны хүүхдийн сургуулийн сонголт аав ээжийн сонголт байхаас илүү хүүхдийн өөрийн шийдвэр байх нь чухал бөгөөд зөв шийдвэр гаргах нөхцөл боломжоор нь хангаж мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх явцад нь туслах нь эцэг эхчүүдийн үүрэг. Таны хүүхэд хүссэн сургуульдаа элсэн орж чадаагүй бол бусад найз нөхдийнхөө хүүхдүүдтэй харьцуулж ярихгүй байхыг өсвөр насны хүүхдийн мэргэжилтэнгүүд зөвлөж байна. Учир нь хүүхэд бүр онцгой, өөр өөр хүсэл сонирхолтой. Хүүхдийн амжилт гэдэг ганцхан хүүхдээс шалтгаалдаггүй эцэг эхийн хүүхдэдээ зориулсан хичээл зүтгэлээс мөн шалтгаалдаг гэдгийг санаарай.

Залуучуудын хөгжлийн ментор Т.Гантуяа

Skip to toolbar