Blog

Талархал таныг стрессээс аврах болно.

Хичээл сурлага, ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж, олон зүйлд санаа зовоосноор бид нэг л өдөр маш их стресст нэрвэгдсэн байдаг. Хэрвээ таны бүтээмж муудаж, ажиллах эрч хүчгүй болсон байгаа мэт санагдаж байвал магадгүй та их стресст орсон байж болох юм.

Иймээс өөрийн стресс ядаргааг тайлах стресс менежментийн аргуудыг өөртөө хэрэгжүүлснээр стресс ядаргаагаа тайлж, илүү үр бүтээмжтэй амьдрахыг зөвлөх байна.

Ингээд стрессээ тайлах 7 аргуудыг тантай хуваалцъя. 

1. Өөрийгөө хайрлаж, халамжлах

Хэдий их ажилтай байлаа ч өөрийгөө халамжлахаа битгий мартаарай. Эрүүл хооллож, сайн унтаж амарч, хангалттай шингэн ууж чадаж байгаа эсэхээ байнга анхаарах нь стресст өртөхгүй байх нэгэн боломж юм шүү. Хүмүүс өөрийгөө халамжлах гэхээр “амин хувиа хичээх” гэсэн үг гэж нэлээд андуурч боддог л доо. Өөрийгөө хайрлаж халамжилна гэдэг нь амин хувиа хичээнэ гэсэн үг огтхон ч биш юм. Харин өөрийгөө хайрлаж халамжилсанаар илүү эрч хүчтэй болдог. Ингэснээр өөрөөсөө гадна өрөөл бусдад их туслах болно гэсэн үг юм.

2. Бясалгал, дасгал хийх.

Бясалгал гэдэг нь чиний сүнслэг орчиныг хөгжүүлж өөрийг чинь тайвшруулдаг.  Хэдий завгүй байх тусмаа бясалгалд сайн цаг гаргах хэрэгтэй. Магадгүй надад бясалгал хийгээд суух зав байхгүй гэж хэлж болох юм. Завгүй байх тусмаа бясалгал сайн хийх хэрэгтэй шүү. Ингэж бясалгал хийснээр таны зөн сэргэж, таныг зөв чиглэл рүү зүгээ олоход туслах болно.

3. Яг одоо цагтаа төвлөр.

Бид ирээдүйдээ хэт их санаа зовох, эсвэл өнгөрсөнд болсон үйл явдалд их харамсдаг тул их стресст ордог. Хэрвээ яг одоогоор таны өмнө юу харагдаж байна түүндээ төвлөрч, одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуулах нь таныг стрессээс хамгаалах болно. Одоо байгаа яг энэ мөчөө хүн удирдаж чаддаг.

4. Тэмдэглэл хөтлөх.

Сэтгэл зовоогоод байгаа бүх асуудлаа бичиж тэмдэглэснээр аль асуудлыг яаж шийдэх вэ? гэдгийг харж болно. Мөн дараа дараагийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг шийдлүүдийг олоход туслах болно.

5. Хэн нэгэнтэй ярилцах.

Сэтгэлзүйч, найз нөхөд,  хайртай дотны хүмүүстэйгээ ярилцах нь бидний сэтгэлийг тайвшруулдаг. Гэхдээ ярилцах хүнээ зөв сонгох нь чухал юм. Чамд яг зөв зөвлөгөөг өгч чадах, чамайг хүндэлж ойлгодог хүнд хандаарай. Стрессээ тайлах сайхан арга шүү. Чамайг ойлгохгүй эсвэл дэмждэггүй хамаагүй хүмүүстэй ярилцах нь заримдаа улам төвөгтэй байдалд оруулах нь бий.

6. Юуг хяналтандаа байлгаж чадах чадахгүйгээ ойлгох. 

Амархан зүйл амархан ажил гэж ер нь хаана ч байдаггүй л дээ. Иймээс муу зүйл гэдэг бол байх л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Харин бэрхшээл, сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдгээ л бодоход болно.  Тухайлбал сургууль төгсөх шалгалтууд дараагийн их сургууль коллежид орох сорилтууд зэрэг хүнийг их стресст оруулдаг л даа. Гэхдээ энэхүү хэцүү шалгалтыг бодож стресстээд суухын оронд яг одоо түүнийгээ барьж аваад ойлгохгүй байгаа хичээлүүдээ хийж эхлээрэй.

7. Талархал илэрхийлэх

Өглөө бүр босоод өөрт байгаа бүхэндээ талархаарай. Талархал таныг стрессээс аврах болно. Өнөөдөр та гэр оронтой байгаадаа, хийх ажилтай, идэх хоол хүнстэй байгаадаа, энэхүү нийтлэлийг уншиж байгаадаа гээд талархах зүйл бидний амьдралд хангалттай их бий. Талархал илэрхийлэх нь танд сайн сайхан энергийг авчрах болно.

Эдгээр аргуудыг хэрэгжүүлж өдөр бүрийн амьдралаа өөдрөгөөр угтан, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа

Youtube: MonUsa (Энэ сэдэвтэй холбоотой YouTube бичлэг үзэх)

Facebook: MonUsa

Website: mon-usa.com

Email: [email protected]

Instagram: MonUsa

Хуулбарлахыг хориглоно.

Skip to toolbar