Blog

Америк бүсгүйчүүдээс суралцах 7 зүйлс

Заримдаа энэ дэлхийн бүхий л зүйлс зөвхөн Америк хонгорхон шар бүсгүйчүүдийн төлөө төрсөн мэт сэтгэгдэл төрөх үе бий. Тэдний биеэ авч явж буй байдал, дур булаам инээмсэглэл, шаргал үс, зэгзгэр өндөр нуруу, тэгш сайхан урт хөл гээд тэдэнд бурхад илүү ихийг өгсөн гэлтэй боловч энэ бүх зүйлийг цогцлоохын тулд тэд хамаг хүч чадлаа дайчлан, багаасаа хөдөлмөрлөж байдгийг тэр бүр бид мэддэггүй. Тэднээс суралцах зүйлс их бий. Бас суралцаж болохгүй зүйлс ч гэсэн тэдэнд бий. Энэ удаад өөрийн харсан өнцөгөөс тэднээс суралцах зүйлсийг хуваалцаж байна. 

1.   Тэд өөрсдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавьж, өөрийн үнэ цэнийг маш сайн мэддэг. Хэн нэгэн тэднийг гомдоох, шархлуулахыг тэд тэсч тэвчихгүй. Шууд л тэр дариуд хариуг барьж дөнгөнө. “Чи бол маш үнэ цэнэтэй хүн, чи өөрөө өөрийгөө хүндэлж, хүмүүсийг чи хүндэлж, чамайг хүмүүс хүндлэн харьцаж байх ёстой” гэдгийг эцэг эхчүүд нь багаас нь охиддоо ойлгуулна. Өөрийгөө нээлттэй илэрхийлж, юу хүсч байгаагаа тов тодорхой илэрхийлж чадах тэдэнд бүрэг ичимхий зан гэж үгүй. Тиймээс ч тэд юу хүссэнээ олж авч чаддаг гэхэд болно. Бүдүүлэг зан гэдгийг үнэхээр тэвчдэггүй улс. Алхам тутамдаа “уучлаарай, баяртай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэх мэт найрсаг сайхан үгсийг, ялдам инээмсэглэлийн хамт хаа сайгүй түгээж чадна.

2.   Тэд өөрсдөдөө дэндүү итгэлтэй алхдаг. Айдас гэдэг зүйлийг ардаа орхиж амжилтын оргил өөд бусдаас илүү авирч чадах бүсгүйчүүд бол яах аргагүй Америк бүсгүйчүүд. Үүнийг өдөр тутмын амьдралын хэвшлээс нь ч мөн харж болно. Эрүүл мэндэдээ анхаарч, зогсолтгүй нэгэн хэмнэлээр гүйж, йога, фитнессээр хичээллэж, ресторанд хоол идэхдээ хоолны калорийн хэмжээгээ тоолон сууна.

3.  Америк бүсгүйчүүд бие биенийхээ төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн, тэмцэж чаддаг. Үүнийг Доналд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн дараах эмэгтэйчүүдийн жагсаалаас харж болно. Тэднийг цагаан цаасан дээр өөрсдийн эрхийг хамгаалсан үгс, лоозонгуудыг өнгө, будгийн харандаагаар бичиж, ягаан өнгийн муурын чихэн малгай нэхэн өмсөж, ижилсэн, найз залуу, эр нөхөрүүдээ дагуулан алхаж байгааг бид харсан. Албан байгууллага, том пүүс компанийн өндөр албан тушаалтай, захирал эмэгтэйчүүд өөрсдийн биеэр жагсаал болох зарууд, хэвлэмэл хуудсыг ажилчдаа дагуулан үйлчилгээний төвүүдээр тарааж явахтай нь хүртэл таарч байлаа.

4. Америк эмэгтэйчүүд маш сайн ээжүүд. Охидтойгоо үеийн найз нь юм шиг үерхэл нөхөрлөл, эр хүний тухай, мөнгөний үнэ цэнийн тухай, сексийн тухай гээд л бүхий л зүйлсийг өсвөр наснаас нь эхлэн нээлттэй ярилцаж, яагаад эмэгтэй хүнийг хайрлаж, өөрөө хайрлагдах ёстой вэ гэдгийг ч зааж, үлгэрлэж сургана. Харин хөвгүүддээ яагаад эмэгтэй хүнд цэцэг бэлэглэх ёстойг, яагаад машины хаалга эмэгтэйчүүдэд онгойлгож өгөх ёстойг, яагаад эр хүн амьдралдаа хариуцлагатай сахилга баттай байх ёстой гээд бүгдийг хэлж, ярьж сургана. Хүүхдүүдтэйгээ аливаа зүйлийг ойлготол нь сайн ярилцах тэвчээр тэдэнд бий.Хэрвээ хүүхдүүдийнхээ аавтай нь цаашид хамт амьдрах боломжгүй, таарч тохирохгүй гэдгээ мэдсэн бол шууд зоригтойгоор салж чаддаг. Хүүхдүүдээ бодоод нөхрөөсөө салж чадахгүй байна гэдгийг маш буруу зүйл гэж дүгнэдэг. Хүүхдүүд аз жаргалгүй гэр бүлд өсч байхаас илүү ганцаараа ч хамаагүй аз жаргалтай, инээмсэглэл дүүрэн ээжийн хажууд хүүхдүүдээ өсгөхийг зөв зүйл гэж үзнэ.

5.   Мөн тэд хэдий найз залуу, нөхөрүүдээсээ салсан ч тэдэндээ буруу өгч, гомдлоод, өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад, өөрсдийн оюун болон сэтгэлээ хямруулаад байна гэж үгүй. Харин ч улам өнгөлөг, өөртөө итгэлтэй болж, өөрт тохирохгүй байсан хүнээсээ салж чадсандаа өөрсдөөрөө бахархаж, цээж дүүрэн амьсгалан, дараагийн шинэ амьдралын өөдөөс баяртайгаар итгэл дүүрэн алхдаг. Энэ үйлдэлээрээ ч тэд эрчүүдээ сахилгажуулж, хариуцлагыг нь ойлгуулж, үүрүүлж чаддаг.

6.   Өнгөрсөн бол өнгөрсөн, өөсрдийн гаргасан, сонгосон шийдвэртээ өөрсдөө маш сайн хариуцлагаа хүлээж чаддаг. Эмэгтэй хүн өөрийн гэсэн санхүү мөнгөтэй, өөрийгөө байнга хөгжүүлж, өөртөө цаг зав гаргаж, боловсрол эзэмшсэн байх ёстой гэж үзнэ. Үүнийхээ төлөө ч тасралтгүй хөдөлмөрлөнө. Үүний хажуугаар тэд дурлалт халуухан бүсгүй, гэрийн сайн эзэгтэй, ээж байхаа мартана гэж үгүй.

7.   Тэд бол жинхэнэ хайрлагдсан эмэгтэйчүүд байдаг. Хайрлагдсан эмэгтэйг уян наалинхай, эелдэг дуу хоолой, зөөлөн нүдний харц, сайхан инээмсэглэлээр нь таньж болно. Ийм эмэгтэйчүүд, хайртай бүсгүйгээрээ өөрийгөө чимэн алхах нь Америк залуусын хамгийн том бахархал нь. Эрчүүдийг хөглөж, тэдний урам зоригийг бадрааж, бүтээлч, эрүүл саруул байлгах үүргийг эмэгтэйчүүд нь хүлээнэ. Иймээс ч өөрийгөө хайрлаж, хүндэлж чаддаг Америк бүсгүйчүүдийн ядам хуруунд хамгийн үнэт алмаз эрдэнийн бөгж гялалзаж, улс орон нь ч мөн өнгөлөг байдаг бизээ.

Харин өөрийгөө хайрлаж хүндлэх гэдгийг амин хувиа хичээгээд л явна гэвэл маш буруу ойлголт гэдгийг дээр дурдсан зүйлсээс уншигч та ойлгосон гэдэгт итгэж байна. 

Skip to toolbar