Хүн бүрт өдөр бүр адилхан 24 цаг өгөгддөг боловч зарим хүмүүс маш их ажлыг амжуулж зарим хүмүүс төлөвлөсөн ажлаа тухайн өдөрт хийж амжуулж чаддаггүй. Энэ нь надад цаг зав алга гэхээсээ илүү хийх гэж буй зүйлдээ цаг гаргаж чадахгүй байна гэсэн үг. Хэрвээ танд чухал зүйл байж л байгаа бол та ямар нэгэн байдлаар заавал цаг гаргана. Чухал биш ажил бол чи ямар нэгэн байдлаар хойшлуулсаар шалтаг тоочсоор байх болно.
Тэгвэл чухал ажил гэдэгт юу орж үүнд хэрхэн цаг гаргах вэ?
Энэ удаа цагаа зохицуулах нэгэн сонирхолтой хүснэгтийн талаар ярилцъя.
Энэхүү хүснэгтийг АНУ-ын 34 дэхь ерөнхийлөгч Eisenhower-ийн нэрээр нэрлэсэн бөгөөд “Eisenhower box гэдэг. 4 тэнхлэгт эхний хэсэгт яаралтай бөгөөд чухал, 2 дахь хэсэгт яаралгүй бөгөөд чухал, 3 дахь тэнхлэгт яаралтай хэрнээ чухал бус, 4 дэхь тэнхлэгт яаралгүй хэрнээ чухал бус ажлуудыг оруулдаг.
1 дүгээр хэсэг болох яаралтай бөгөөд чухал хэсэгт эмнэлэг явах, хүүхэд өлсөж уйлаад байвал хоол хийж өгөх гээд үнэхээр яаралтай хийхгүй бол болохгүй ажлууд орно.
2 дахь хэсэгт ЯАРАЛГҮЙ ХЭРНЭЭ чухал ажилд гадаад хэл сурах, хүүхдийн хүмүүжил, дасгал хийж сайхан биетэй болох, ном бичих зэрэг ажлууд чухал хэрнээ өнөө маргаашдаа үр дүн нь харагдахгүй хэдэн сар жилийн дараа үр дүнгээ өгөх ажлууд ордог.
Амжилттай яваа хүмүүс энэ хэсэгт хамгийн их анхаарлаа хандуулдаг байна.
3 дахь хэсэгт Яаралтай хэрнээ чухал бус ажлууд орно.
Хийх ажлуудаа харж байгаад бусдаар хийлгэж болох ажлуудыг жагсаан ажил үүргээ бусад хийж чадах хүмүүст нь хувиарлаж өгнө гэсэн үг.
Бүх зүйлийг ганцаараа хийх шаардлагагүй.
4 дэх хэсэгт Яаралгүй хэрнээ чухал бус ажлууд ордог.
Утсаараа сошиал медианы хэрэггүй мэдээллүүдийг үзэх, зурагтын удирдлага барин суваг ээлжлэн солих, компьютер тоглоом тоглох, зугаа цэнгэлд цаг зарцуулах зэрэг нь ордог. Үүнд гол нь анхаарлаа удирдах хэрэгтэй байгаа юм. Яг одоо байгаа мөчөө хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуулж сурах их чухал юм.
Эдгээр 4 хүснэгтээс хүмүүс чухал бус ирээдүйд танд үр дүнгээ өгөхгүй хэрэггүй зүйлд цагаа ихээр зарцуулдаг учраас амжилтанд хүрэлгүй, хүссэн сайхан амьдралаа амьдарч чаддаггүй байна.
Харин та яг одоо дэвтэр бал аваад өөрийнхөө өдрийн цагийг аль хэсэгт их зарцуулж байгааг шинжээрэй. Хэрвээ та чухал бус ажилд их цаг зарцуулж байвал яг одоо түүнийг хийхээ зогсоож ирээдүйд танд үр дүнгээ өгөх сайхан амьдрахад туслах тэр ажилдаа өдөр бүр бага багаар цагаа зориулаарай.
Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа